Press Release

Монгол Улсын Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн анхны өрсөлдөөнт сонгон шалгаруулалт явуулахад ОУСК-аас зөвлөнө

Зургаадугаар сар 6, 2024


2024 оны 6 дугаар сарын 6, Улаанбаатар хот, Монгол Улс —Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн Банк Группийн гишүүн ОУСК Монгол Улсад салхины эрчим хүчийг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон мэдлэг туршлагыг татан ашиглах чухал хэлэлцээрт гарын үсэг зурлаа.   

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд ОУСК нь Эрчим хүчний яаманд зөвлөхөөр ажиллаж, 100МВт-ийн салхин цахилгаан станцын төслийн судалгаа, бэлтгэл ажлыг гүйцэтгэж, төр хувийн хэвшлийн хамтралаар хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм.

Монгол Улсын эрчим хүчний салбар нүүрснээс ихээхэн хамааралтай бөгөөд энэ нь тус улсын хүлэмжийн хийн ялгаралд хамгийн их нөлөөлдөг салбар болгож байна.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н. Тавинбэх хэлэхдээ "Монгол Улсад салхин цахилгаан станцын өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг зохион байгуулж төслийг хэрэгжүүлснээр эх үүсвэрийн хүчин чадал нэмэгдүүлэх төдийгүй тарифыг бууруулах, хямд цэвэр эрчим хүчээр иргэдийг хангах, байнгын ажлын байр бий болох, ус болон нүүрсний хэрэглээг хэмнэх, хүлэмжийн хий бууруулах, иргэдийн цахилгаан хангамж сайжирна. Мөн бусад хөгжингүй орны сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлж буй сайн туршлагыг нутагшуулах, ногоон эрчим хүчийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой төслийг эхлүүлж байна" гэдгийг онцолсон юм.

Энэхүү төсөл нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа хийгдэж буй өрсөлдөөнт сонгон шалгаруулалт бөгөөд үүгээр дамжуулан эрчим хүчний үнэ тарифийг бууруулж, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэнээр Монгол Улсын нийт эрчим хүчний эх үүсвэрүүдийг солонгоруулах, цаашид хувийн хэвшлийн эрчим хүч үйлдвэрлэгчдэд ашиглах жишиг бий болгох хүлээлттэй байна.

Монгол Улсад салхины суурьлагдсан хүчин чадал 155 МВт байгаа ч нийт салхины нөөц нь 209,000 МВт буюу дотоодын нийт эрчим хүчний хэрэглээг дангаараа хангахуйц юм.

ОУСК-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов хэлэхдээ "ОУСК нь салхины болон бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй ажлуудад дэмжлэг үзүүлж буйдаа баяртай байна. Энэхүү төсөл нь Монгол Улсын эрчим хүчний салбарын цэвэр, тогтвортой ирээдүйн шилжилтэнд чухал ач холбогдолтой юм" гэдгийг онцолжээ.

Энэхүү төсөл нь сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгосноор нүүрсний хэрэглээг орлуулж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чухал ач холбогдолтойгоос гадна дотоодын эрчим хүчний нийт үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.  

ОУСК нь 1997 оноос хойш Монгол Улсад хувийн секторийг дэмжих зорилгоор тогтвортой уул уурхай, банк санхүү, аялал жуулчлал, үйлчилгээ болон ЖДҮ-ийн салбаруудад нийт 5 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалтыг хийжээ.


ОУСК-ийн тухай


Дэлхийн Банк Группийн гишүүн ОУСК нь хөгжиж буй орнуудын хувийн хэвшилд чиглэсэн дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм. Бид дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд өөрсдийн хөрөнгө, туршлага, нөлөөллийг ашиглан хөгжиж буй орнуудад шинэ зах зээл, боломжуудыг бий болгохын төлөө ажилладаг. 2023 оны санхүүгийн жилд ОУСК-аас хөгжиж буй орнуудын хувийн хэвшил, санхүүгийн байгууллагуудад 43.7 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийсэн. Дэлхийн улс орнууд эдийн засгийн хүндрэл тулгарч буй энэ үед ядууралтай тэмцэх, өсөлт хөгжлийг эрчимжүүлэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.ifc.org-с аваарай.

 

 

 


Contacts

Бээжин хот:

Жин Юй

Утас: +86 10 5860 3062                                    

И-мэйл: jyu1@ifc.org