Press Release

Уул уурхайн өгөгдөл, мэдээллийн хэрэглээг сайжруулах, иргэдийн цахим боловсрол, ур чадварыг дээшлүүлэх тал дээр ОУСК Монгол Улсыг дэмжиж ажиллана

Тавдугаар сар 13, 2022

Monoglia-digital skill-PR.jpg

Улаанбаатар хот, Монгол Улс, 2022 оны 5-р сарын 13 — Уул уурхай бүхий орон нутгийн хөгжлийг дэмжих, үүний тулд уул уурхайн өгөгдөл мэдээллийн ашиглалт хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс иргэд болон төрийн албан хаагчдын цахим боловсрол, ур чадварыг дээшлүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийг өнөөдөр Олон улсын санхүүгийн корпорац Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай байгууллаа. 

Энэхүү санамж бичгийг байгуулснаар ОУСК-ын зүгээс нээлттэй өгөгдлийн шилдэг туршлагад  суралцуулах техник туслалцааг УУХҮЯ-д үзүүлэх бөгөөд ингэснээр уул уурхайн салбарын талаарх орон нутгийн иргэдийн мэдээллийн хэрэгцээг хангах, орон нутгийн холбогдох албан тушаалтнууд болон иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын одоо байгаа өгөгдөл мэдээллийг үр дүнтэй ашиглах цахим чадвар дээшлэх юм. "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан ил тод, хариуцлагатай уул уурхайг цогцлоохыг зорьж буй Монгол Улсын Засгийн газрын хувьд мэдээллийн хүртээмжтэй байдал онцгой оч холбогдолтой. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Өнгөрөгч онд уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ний 24 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77 хувь, нийт экспортын 93 хувийг тус тус бүрдүүлсэн.  Иргэд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж цаашид амжилттай үйл ажиллагаа явуулахад тухайн орон нутгийн иргэд, олон нийттэй өгөгдөл мэдээллийг түлхүү солилцох явдал туйлын их чухал юм. Үүнээс гадна, урт хугацаат чанартай хөрөнгө оруулалтыг Монгол Улс өөртөө татах, тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжлийн зарчимд тулгуурлан цаашид хөгжин тэлэхэд энэ нь мөн чухал үүргийг гүйцэтгэнэ" хэмээн тэмдэглэв. 

ОУСК-ийн зүгээс хэрэгжүүлэх энэхүү дэмжлэг нь "Хөгжлийн төлөөх ил тод байдал" олон улсын хөтөлбөрийн нэгээхэн хэсэг юм. 

ОУСК-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Руфат Алимарданов хэлэхдээ "Уул уурхайн салбарт оруулсан хөрөнгө оруулалтын өгөөжийг оролцогч бүх талууд хүртэхэд туслахын тулд үр дүнтэй ил тод байдлыг хангах, өгөгдөл, мэдээллийг ашиглах туршлага чухал юм. Энэ нь ялангуяа ажлын байр шинээр буй болгох, ханган нийлүүлэх боломжуудыг орон нутгийн ААНБ-д олгох зэрэг уул уурхайн салбарын эерэг үр нөлөө, мөн иргэдийн амьжиргаанд нөлөөлж болзошгүй байгаль орчин, нийгмийн боломжит эрсдэлүүд зэргийг орон нутаг бодитойгоор ойлгон таних боломжийг олгодог. Энэхүү санаачлагын үр дүнд хөрөнгө оруулагчид, орон нутаг хоорондын харилцан итгэлцэл бэхжиж Монгол Улсын уул уурхайн салбарын тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжилд тодорхой түлхэц болно гэдэгт итгэж байна" хэмээн онцолсон юм. 

 "Хөгжлийн төлөөх ил тод байдал" олон улсын хөтөлбөр нь Би Эйч Би сантай хамтран ил тод байдал, нээлттэй өгөгдлийн хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсад 2019 онос хойш дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Одоогийн байдлаар, өгөгдөл ашиглах чадавхийг бэхжүүлэх 15  арга хэмжээ, өгөгдлийн тэмцээн зэргээр дамжуулан төр, хувийн хэвшлийн 500 гаруй өгөгдөл хэрэглэгч (үүнд иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагууд, судалгаа шинжилгээний байгуулагууд, их дээд сургуулиуд, залуусын төлөөлөл зэрэг багтаж байна)-д хүрч ажилласан байна.   

ОУСК-ын тухайд

Дэлхийн банк группын гишүүн байгуулага болох ОУСК нь шинээр хөгжиж буй улс орнуудын хувийн хэвшилд төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том хөгжлийн агентлаг юм. Дэлхийн 100 гаруй улс оронд өөрийн санхүүгийн болон мэдлэг мэдээллийн арвин нөөц, нөлөөд тулгуурлан хэрэгжүүлж буй бидний үйл ажиллагаа зах зээлийг хөгжүүлэн цогцлоож, хөгжиж буй орнуудад шинэ шинэ боломжуудыг нээн өгч байна. 2021 оны санхүүгийн жилд, ОУСК хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийн компаниуд, санхүүгийн байгууллагуудад 31.5 тэрбум ам.долларыг олгож дээд амжилт тогтоосноор нэн ядуурлыг устгахад хувийн хэвшлийн гүйцэтгэх үүргийг тодотгож, цар тахлын сөрөг нөлөөтэй тэмцэж буй улс орнуудын хүртээмжтэй өсөлтийг бодитойгоор дэмжсэн юм. Нэмэлт мэдээллийг дараах хаягаар авна уу:  www.ifc.org.  

Холбоосууд:
www.ifc.org/eastasia
www.twitter.com/IFC_EAP  
www.youtube.com/IFCvideocasts  
www.ifc.org/SocialMediaIndex
www.instagram.com/ifc_org
www.facebook.com/IFCeap
www.facebook.com/IFCwb
www.linkedin.com/showcase/ifc-asiapacific

Contacts

Jing Yu
Beijing
+86 10 5860 3062