Press Release

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Олон улсын санхүүгийн корпораци нар хотын тогтвортой дэд бүтцийн хөгжилд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын баримт бичигт гарын үсэг зурлаа.

Есдүгээр сар 29, 2021
UB-cities.jpg

Улаанбаатар хот, Монгол Улс, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын ногоон, дижитал шилжилтийг дэмжих зорилгоор Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хөрөнгө оруулалтын боломжуудыг тодорхойлох, орчин үеийн дэвшилтэт дэд бүтцийн байгууламжуудад оруулах хувийн санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт (ХОСБ) өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэхүү харилцан ойлголцлын санамж бичиг нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах байдлыг сайжруулахад чиглэсэн ОУСК-ийн өргөн хүрээт стратегийн нэг хэсэг юм. 

Монгол Улсын хүн амын тал гаруй хувь нь Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд гэр хороололд суурьшдаг, бага дунд орлоготой өрхийн тоо хурдацтай өсөж байна. Түүнчлэн 1.4 сая хүн ам бүхий хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо энэ онд 652 мянгад хүрчээ. Үүний улмаас агаар, хөрсний бохирдол, хот тэлэлт, төвлөрөлт, замын түгжрэл зэрэг хотод учирдаг олон бэрхшээл тулгарч байна. 

Санамж бичгийн хүрээнд ОУСК нь ногоон тээвэр, хог хаягдал боловсруулалт, усан хангамж, гудамжны гэрэлтүүлэг, төвлөрсөн дулаан хангамж, ногоон орон сууц зэрэг гол гол чиглэлээр тогтвортой хөгжлийг бий болгох шинэ арга замыг тодорхойлоход Улаанбаатар хотын захиргаанд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх юм. Хоёр тал мөн бусад оролцогч талуудтай хамтран хотын тогтвортой дэд бүтэц, үйлчилгээнд хувийн хэвшлийг даруй татан оролцуулах бүтцийн шинэчлэлийг дэмжиж ажиллана. 

 "ОУСК-тай байгуулсан түншлэл нь дэд бүтцээ шинэчлэх, улам чанартай тохижилт үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдлэг туршлага, санхүүжилтийг олж авахад Улаанбаатар хотод тусална. Бид хотоо илүү ногоон, ухаалаг, өрсөлдөх чадвартай болгохын тулд шинэлэг бүтээлч түншлэлийг бий болгоход анхаарлаа төвлөрүүлсээр байх болно" гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Долгорсүрэнгийн Сумъяабазар хэллээ. 

Өнгөрсөн 12 дугаар сард болсон Уур амьсгалын зорилт чуулган дээр Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийг 27.2 хувиар бууруулж, Үндэсний хэмжээний хувь нэмрийн (ҮХХН) зорилтот үзүүлэлтээ илүү өндөр түвшинд хүргэх амлалт үүрэг хүлээсэн. ОУСК -ийн хийсэн судалгаанаас үзэхэд энэхүү шинэ зорилтод хүрэхийн тулд уур амьсгалын чиглэлээр 11.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдахаар байна. 

ОУСК-ийн Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч Альфонсо Гарсиа Мора "Улаанбаатар хотын захиргаа тогтвортой, ухаалаг хотын дэд бүтцийг хөгжүүлснээр үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай эрчим хүчний хэрэглээний үр ашгийг дээшлүүлж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах боломж бүрдэх бөгөөд улмаар энэ нь Монгол Улс Үндэсний хэмжээний хувь нэмрийн зорилтдоо хүрэхэд дэм болно. ОУСК -ийн Хотуудын санаачилга нь Улаанбаатар хот уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүлэн, боловсронгуй болгоход туслах зорилготой билээ" гэж хэлэв.   

2004 оноос хойш ОУСК нь хотуудын дэд бүтцийн салбарт хэрэгжиж буй 280 гаруй төсөлд 9 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт татан оруулсан. Тэгвэл, энэхүү санамж бичиг нь ОУСК –иас Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Хотуудын санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй анхны төсөл болно. 

ОУСК -ийн тухай 

Дэлхийн Банк Группийн гишүүн байгууллага ОУСК нь хөгжиж буй зах зээлүүдэд хувийн хэвшлийг дэмжин ажилладаг дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм. Бид дэлхийн хөгжиж буй 100 гаруй орнуудад зах зээл, шинэ боломж бий болгохын төлөө өөрийн хөрөнгө, туршлага, нөлөөллөө ашиглан ажиллаж байна.

Улс орнуудын эдийн засаг Ковид-19 тахлын үр дагавартай тэмцэж байгаа энэ үед хэт ядууралд төгсгөл тавьж, хамтын хөгжил цэцэглэлтийг нэмэгдүүлэх үйлст хувийн хэвшлийн хүчийг ашиглах зорилгоор ОУСК 2021 оны санхүүгийн жилд түүхэн дээд хэмжээ болох 31.5 тэрбум долларыг хөгжиж буй орнуудын хувийн компаниуд, санхүүгийн байгууллагуудад олгохоор болсон. Дэлгэрэнгүй мэдээллийг www.ifc.org, www.ifc.org/infrastructure, www.ifc.org/cities хаягаар орж үзнэ үү. 

Бидэнтэй холбоотой байгаарай.
www.ifc.org/eastasia 
www.twitter.com/IFC_EAP
www.youtube.com/IFCvideocasts
www.ifc.org/SocialMediaIndex
www.instagram.com/ifc_org
www.facebook.com/IFCeap
www.facebook.com/IFCwbg

Contacts

Жинг Юу
ОУСК Бээжинд
+86 10 5860 3062