Press Release

Монголын банкны холбоо Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран Монгол Улсад Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг хөгжүүлэх замаар Бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Арван нэгдүгээр сар 2, 2020
Улаанбаатар хот, Монгол улс, 2020 оны 9 дүгээр сарын 15 Дэлхийн банкны бүлгийн гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпорациас (ОУСК) Монголын банкны холбоотой (МБХ) байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Монгол Улсад Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт ( НСС ) - ийн зах зээлийг хөгжүүлэх замаар ирэх 5 жилийн хугацаанд өссөн дүнгээр нийт 200 мянга гаруй Бичил болон жижиг, дунд бизнес (БЖДБ) эрхлэгчдийн санхүүгийн төрөлжсөн бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломжийг сайжруулах юм.  
БЖДБ эрхлэгчид санхүүгийн байгууллагуудаас зээл хүсэхэд барьцаа хөрөнгөнд нь барилга байгууламж , үл хөдлөх хөрөнгө шаарддаг нь тэдэнд томоохон хүндрэл, бэрхшээл үүсгэдэг .
Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт (НСС) нь БЖДБ эрхлэгч нарт олгох санхүүжилтийг нэмэгдүүлэх шинэлэг, үр дүнтэй хэрэгсэл бөгөөд санхүүгийн байгууллагын зүгээс БЖДБ эрхлэгчийг дангаар нь авч үзэж зээл төлөх чадварыг нь үнэлэх биш харин тухайн зээлдэгчийн нийлүүлэлтийн сүлжээнд гүйцэтгэж буй үүрэг, мөн хамтран ажиллаж буй том худалдан авагч эсхүл борлуулагчийн зээл авах боломж, зээлийн зэрэглэлийг ашиглан богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүжилт олгох үйл ажиллагаа юм. Ингэснээр БЖДБ эрхлэгч нар нь бараа бүтээгдэхүүн нийлүүлэх илүү урт хугацаатай захиалга, гэрээ байгуулах, цаашлаад богино хугацааны эдийн засаг, санхүүгийн гэнэтийн хямрал зэрэгт илүү тэсвэртэй  болох юм.    
ОУСК-ийн Монгол улс дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов хэлэхдээ: "Ковид-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал аж ахуйн нэгжүүдэд сөргөөр нөлөөлж байгаа энэ үед БЖДБ эрхлэгчдэд туслах шинэлэг арга замыг хайж, нэвтрүүлэх нь чухал юм. Энэ нь ялангуяа хөдөө аж ахуйн салбарт хамааралтай. Учир нь энэ салбарт ажлын байрыг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн хэрэгцээ өндөр байдаг” гэв.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй хөдөө аж ахуйн салбарын нийлүүлэлтийн сүлжээний өрсөлдөх чадвар болон экспортын хэмжээг нэмэгдүүлэх бодлого, үйл ажиллагааг дэмжин хэрэгжих юм.
Хөдөө аж ахуйн салбарын бизнесүүд ихэвчлэн улирлын шинж чанартай байдаг тул бизнес эрхлэгчдэд үйл ажиллагааны онцлогт нь тохирсон эргэлтийн хөрөнгийн санхүүжилт зайлшгүй шаардлагатай байдаг. Энэхүү эрэлт хэрэгцээг НСС-ийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр дамжуулан тодорхой хэмжээгээр хангах боломж ийнхүү өргөжиж байна.    
Монгол Улсад НСС-ийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай суурь тогтолцоог ОУСК-иас өмнө нь хэрэгжүүлсэн Хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэх төслийн хүрээнд Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг боловсруулж, хөдлөх хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн санг ашиглалтанд оруулан, шаардлагатай сургалт, чадавхи бэхжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах замаар амжилттай хөгжүүлсэн билээ.  
НСС-ийг олгогч байгууллагууд нь санхүүгийн бус бусад төрлийн оролцогчид, үйлчилгээний байгууллагуудтай байнга харьцаж ажиллах хэрэгтэй болдог. Иймд, НСС-ийн үр ашигтай зах зээлийг бий болгох, хөгжүүлэхийн тулд өргөн хүрээний нийтлэг ойлголт, оролцогч талуудын хүчин чадал, үйл ажиллагааны дэд бүтэц зэргийг зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай.
Дээрхи үйл ажиллагааг ОУСК , МБХ гол оролцогч талуудтай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх замаар хөгжүүлж хэрэгжүүлнэ.
МБХ-ны ерөнхийлөгч Б. Мэдрээ хэлэхдээ: “Энэхүү Хамтын ажиллагааны гэрээ нь цаг үеийн хувьд ач холбогдол өндөр гэж харж байна . 8-р сарын 28-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн хүүг бууруулах стратегийн тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Уг стратегийн хүрээнд Санхүүгийн зах зээл дээр зээл, санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд зарим арга хэмжээг Монголын банкны холбоо зохицуулагч байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр үүрэг хүлээсэн байгаа. Энэхүү үүрэг амлалт, томоохон зорилтыг хэрэгжүүлэхэд ОУСК-ийн оролцоо чухал дэмжлэг болно" гэв.
ОУСК нь өнгөрсөн хугацаанд Колумб, Хятад, Гана, Вьетнам зэрэг дэлхийн 40 гаруй хөгжиж буй орнуудад хөдлөх хөрөнгө барьцаалсан санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн. Монгол улсад НСС-ийн зах зээлийг хөгжүүлэх үйл ажиллагааг Швейцарийн засгийн газрын Эдийн засгийн хэрэг эрхлэх газрын (SECO) дэмжлэгтэй хэрэгжүүлнэ.
ОУСК-ийн тухай
Дэлхийн банкны бүлгийн гишүүн байгууллага болох ОУСК нь хөгжиж буй орнууд дахь хувийн хэвшлийг дэмжих зорилготой дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм. Бид дэлхий даяар нийтдээ 2000 гаруй хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, өөрсдийн мэдлэг, нөөц бололцоогоо ядуурлыг бууруулах, баялгийн тэгш хуваарилалтыг дэмжихийг гол зорилгоо болгодог. 2019 оны санхүүгийн жилд манай байгууллагаас хувиийн хэвшилд оруулсан нийт хөрөнгө оруулалт 19 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд бид хувийн хэвшлийн хүчин чадал, бололцоонд тулгуурлан ажлын байр бий болгох, хөгжлийн тулгамдсан бэрхшээлүүдийг даван туулахад анхаарч ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.ifc.org –с авна уу.
МБХ-ны тухай
Монголын Банкны Холбоо нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр банк, санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа банкны болон бусад санхүүгийн байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, гишүүддээ үйлчилдэг, хараат бус, бие даасан, төрийн бус байгууллага юм. Монгол Улсын санхүүгийн салбарын тогтвортой байдал, үндэсний төлбөр тооцооны тогтолцоо, хөрөнгийн зах зээлийн хөгжил дэвшилд бодлого, стратегийн дэмжлэг үзүүлэх, гишүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, салбарыг төлөөлөх байдлаар гишүүдээ дэмжин ажилладаг мэргэжлийн холбоо юм. Анх 2000 онд байгуулагдсан цагаасаа хойш тус холбоо нь өөрийн үйлчилгээгээрээ дамжуулан үйл ажиллагаагаа өргөжүүлж салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн холбоо болон хөгжиж байна. Дэлгэрэнгүйг : www.mba.mn хаягаас авна уу.

Contacts

Жинг Юу
Олон улсын санхүүгийн корпораци Бээжин хотод
+86 10 5860 3062
Д. Энхлин
Монголын банкны холбоо Улаанбаатар хотод
+976-99053793