Press Release

Олон Улсын Санхүүгийн Корпорациас Монгол Улсын бизнесийн орчин, ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор М-Си-Эс группт зээл олголоо

Арван хоёрдугаар сар 18, 2020

MCS-PR.jpg

Улаанбаатар, Монгол Улс, 2020 оны 12-р сарын 18 - КОВИД-19 цар тахалд дэлхий нийтээр нэрвэгдэж буй энэ үед Дэлхийн Банкны гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)-аас Монголын бизнесийн орчныг дэмжих стратеги зорилтын хүрээнд, М-Си-Эс Группт 130 сая ам.долларын урт хугацаатай зээл олголоо. Бизнесийн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг, 10 мянга гаруй ажилтантай, 20 мянга орчим жижиг дунд бизнес харилцагч, ханган нийлүүлэгчээр нь ажилладаг тус группт энэхүү зээлийг олгон цар тахлын хүнд үед ажлын байраа хадгалан, хөрөнгө оруулалтуудыг зогсоолгүй үргэлжлүүлэх боломж бүрдүүлснээр Монгол Улсын эдийн засагт чухал дэмжлэг болж байгаа юм. 

М-Си-Эс Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Гантөмөр "М-Си-Эс Групп нь ОУСК-тай олон жилийн турш найдвартай харилцаж ирсэн сайн түүхтэй. Энэ удаагийн зээл нь цар тахлын хүнд үед ард иргэдээ чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр таслалгүй ханган, хөрөнгө оруулалтуудаа үргэлжлүүлж, ажлын байраа хадгалахад нэн чухал шаардлагатай, цагаа олсон санхүүгийн дэмжлэг болж байна" гэж уг зээлийн ач холбогдлыг өндрөөр үнэллээ.

М-Си-Эс Групп нь эрчим хүч, инженеринг, харилцаа холбоо, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэл, худалдаа, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй компанийн 10 мянга гаруй ажилтантай, Монгол Улсын хамгийн том ажил олгогчдын нэг билээ. Түүнчлэн тус групп нь 20 мянга гаруй харилцагч, ханган нийлүүлэгчтэй бөгөөд тэдгээрийн дийлэнх нь жижиг дунд бизнес эрхлэгчид юм. Өнгөрөгч 2019 онд гэхэд М-Си-Эс Групп нь дотоодын 3,500 орчим аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс 450 сая ам.долларын бараа, ажил үйлчилгээг худалдан авсан байна.

ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов "Монголын эдийн засагт КОВИД-19 цар тахал хүндээр нөлөөлж байгаа энэ үед бизнесийн байгууллагуудыг богино болон урт хугацааны санхүүжилтээр хангах нь амин чухал ач холбогдолтой. Эгзэгтэй энэ цаг үед бизнесийн системийн хувьд чухал үүрэгтэй компанид зээл олгож байгаа нь ОУСК-ийн зүгээс цар тахлыг эдийн засгийн эрсдэл, хүндрэл багатай даван туулахад Монгол Улсыг тууштай дэмжих бодлогын тод илрэл юм"  гэлээ.

ОУСК-ийн тухай
Дэлхийн Банкны гишүүн байгууллага болох ОУСК нь хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийг дэмжихэд төвлөрч ажилладаг хамгийн том хөгжлийн байгууллага юм. Бид дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хөгжиж буй орнуудад шинэ зах зээл болон боломжууд бий болгохын төлөө хөрөнгө санхүү, мэдлэг туршлагаа зориулан ажиллаж байна. 2020 оны санхүүгийн жилд бид хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийн компаниуд болон санхүүгийн байгууллагуудад нийт 22 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, улмаар хувийн хэвшлийн хүчээр нэн ядуурлыг арилгах, хүртээмжтэй хөгжлийг дэмжихийн төлөө өөрийн хувь нэмрээ оруулсан. Дэлгэрэнгүй мэдээллийг www.ifc.org сайтаас авна уу.

Оставайтесь на связи
www.facebook.com/IFCwbg
www.twitter.com/IFC_org
www.youtube.com/IFCvideocasts
www.ifc.org/SocialMediaIndex
www.instagram.com\ifc_org 

М-Си-Эс Группийн тухай
1993 онд үүсгэн байгуулагдсан М-Си-Эс Групп нь шилжилтийн он жилүүдэд олон салбарт бизнесийн үйл ажиллагаа эрхлэн, улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тогтвортой хувь нэмэр оруулж ирсэн үндэсний томоохон компани юм. Эрчим хүч, инженеринг, харилцаа холбоо, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэл, худалдаа, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг салбарт 20 гаруй охин компанитайгаар үйл ажиллагаа эрхэлдэг тус группийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.mcs.mn цахим хуудаснаас авна уу.​

Contacts

ОУСК:
Jing Yu
Утас: +86 10 5860 3062
И-мэйл: jyu1@ifc.org