Монгол Улс, Улаанбаатар хот, 2020 оны 6-р сарын 16 – Дэлхийн Банк Группын гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК) болон Үндэсний хөгжлийн газар (ҮХГ) нь Засгийн газарт хөрөнгө оруулагчийн гомдлыг түргэн шуурхай, ил тод байдлаар шийдвэрлэж, улмаар Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчийн итгэлийг нэмэгдүүлэхэд туслах цахим системийн нээлтийн ажиллагаа хийлээ.
Хөрөнгө оруулагчийн гомдол шийдвэрлэх механизм (ХОГШМ) гэх уг систем нь хөрөнгө оруулагчдад гомдлоо цахимаар бүртгүүлж, тэдгээрийг эрт шийдвэрлэх явцыг мөшгөх боломж олгох юм. Түүнчлэн, ОУСК болон ҮХГ-ын түншлэлийн хүрээнд хөрөнгө оруулагчдад тулгарч буй хөрөнгө оруулалтын орчинтой холбоотой асуудал болон хөрөнгө оруулалтын хамгаалалтын баталгааны зөрчлийн хэргүүдийг бүртгэх үндэсний дата сан байгуулах юм.
“Монгол Улсад эдийн засгийн өсөлт авчрах хөрөнгө оруулалтын ил тод, зохистой орчин бүрдүүлэх хэрэгцээ шаардлагыг Засгийн газар анхааран үзэж байгаа” хэмээн ҮХГ-ын дарга Б.Баярсайхан хэлэв. “Бид энэ чиглэлээр Дэлхийн Банк Групптэй хамтран ажиллаж байгаа бөгөөд үр дүнд нь хөрөнгө оруулагчдад ээлтэй бизнесийн орчин бүрдүүлэх, улмаар Монгол Улсад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт болон дотоодын хөрөнгө оруулалтыг хадгалж, өргөжүүлэхэд түлхэц үзүүлэх юм” хэмээн тэрээр нэмж онцлов.
“Гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО)-ын хувьд Монгол Улсад тулгарч буй нэг гол бэрхшээл бол улс төрийн ба бодлогын тогтворгүй байдал юм. Үүнийг засч залруулахад төрийн ба хувийн хэвшлийн үр дүнтэй, уялдаатай хамтын ажиллагаа чухал бөгөөд энэ тал дээр хийх ажил их байна. Хөрөнгө оруулагчдаас гаргасан гомдлыг цахим хэлбэрээр бүртгэх, шийдвэрлэлтэнд хяналт тавих систем нь хөрөнгө оруулагчдад үүсч байгаа асуудлыг ил тод, шуурхай шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна,” гэж Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэв.
ОУСК-ийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Руфат Алимарданов: “КОВИД-19 тахал дэлхийн эдийн засагт хүнд нөлөөлөл үзүүлж буй энэ үед хөрөнгө оруулалт татаж, хадгалах, мөн ажлын байрыг хамгаалах шинэлэг арга зам хөгжүүлэх нь урьд хожид байгаагүйгээр чухал болоод байна” гэж дурдав.
Мөн тэрээр, “Урьдчилан таамаглах боломжтой, тогтвортой хөрөнгө оруулалтын бодлоготой байж, түүнд нийцсэн арга хэмжээг Засгийн газраас тууштай авч хэрэгжүүлэх нь Монгол Улс шиг шинээр хөгжиж буй зах зээлтэй оронд хөрөнгө оруулалтыг ихээр татаж, цаашилбал санхүүгийн тогтвортой байдлаа бэхжүүлж, эдийн засгаа эрчимтэй сэргээх нөхцлийг бүрдүүлэх юм. ХОГШМ-ын цахим системийг нэвтрүүлж буй нь Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтын шинэчлэл хийж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх хүчин чармайлт гаргаж буйг харуулж байна” хэмээв.
Уг нээлтийн арга хэмжээнд Улаанбаатарт суугаа гадаадын элчин сайдын яам, бизнесийн холбоо болон танхимуудын төлөөлөгч нар хүрэлцэн ирсэн байна. Мөн түүнчлэн Гадаад харилцааны яам, ҮХГ болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам гэх зэрэг хөрөнгө оруулалтыг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн яам, агентлагийн албан хаагчид уг арга хэмжээнд оролцов.
ОУСК нь Япон болон Унгар улсын засгийн газартай байгуулсан түншлэлийн хүрээнд 2014 оноос хойш хэрэгжүүлж буй Хөрөнгө оруулалтын бодлого, хөдөө аж ахуйг дэмжих зөвлөх үйлчилгээний төслөөр дамжуулан Монгол Улсын хөрөнгө оруулалтын шинэчлэлийг дэмжиж ирсэн юм. Уг төсөл нь хөрөнгө оруулалтын бодлогыг сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулагчдын хамгаалалтыг бэхжүүлэх, улмаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, хадгалах чиглэлээр Засгийн газарт дэмжлэг үзүүлж буй юм.
Дэлхийн Банк нь мөн төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод байдал болон үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй Ухаалаг засаг төслийн хүрээнд хөрөнгө оруулагчдын нэг цэгийн цахим үйлчилгээний төвийг байгуулахад Засгийн газарт дэмжлэг үзүүлж буй бөгөөд ХОГШМ-ын цахим систем нь энэхүү төвтэй холбогдох юм.
ОУСК-ийн тухай
ОУСК нь Дэлхийн Банк Группын гишүүн байгууллага бөгөөд хурдацтай хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийг дэмжин ажилладаг дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм. Бид өөрсдийн хөрөнгө нөөц, мэдлэг чадвар болоод хүч нөлөөг ашиглан хамгийн хэрэгцээ шаардлагатай байгаа газар зах зээл, шинэ боломжуудыг бүрдүүлэхээр дэлхий даяар нийт 2000 гаруй аж ахуй нэгжтэй ажиллаж байна. Нэн ядуурлыг эцэслэж, хамтын хөгжил дэвшлийг бий болгох зорилгынхоо хүрээнд бид хувийн хэвшлийн хүчийг дөрөөлж 2019 оны санхүүжилтийн жилд нийт 19 тэрбум долларын урт хугацааны санхүүжилтийг хөгжиж буй улс орнуудад олгосон болно. Дэлгэрэнгүй мэдээллийг www.ifc.org вэб хуудсаас авна уу.
Цахим холбоос