Монгол Улс, Улаанбаатар хот, 2020 оны 10 дугаар сарын 27 — Үхэр бордох орчин үеийн аж ахуйг хөгжүүлснээр Монгол Улсад үхрийн махны үйлдвэрлэлийн үр ашгийг сайжруулах, экспортын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, малчид фермеруудын орлогыг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлэх боломжтойг Дэлхийн Банк Группын гишүүн ОУСК-аас гаргасан шинэ гарын авлага танилцууллаа.
" Үхэр бордох аж ахуйг хөгжүүлэх нь " гарын авлага нь Монгол, Хойд Америк, Казахстаны үхэр бордох талаар практик мэдээлэл, шилдэг туршлагыг махны чиглэлийн үхрийн аж ахуй эрхлэгч, малчид, орон нутгийн үхэр бордох аж ахуйг эрхэлдэг нэгжүүдэд түгээх зорилготой. Түүнчлэн энэхүү гарын авлага нь хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн мэргэжилтнүүд болон бодлого боловсруулагчдад махны салбар, зах зээлийн талаарх ойлголт мэдээллээр хангаж байгаа.
"ОУСК Монголын мал аж ахуйн салбарт үзүүлэх дэмжлэгээ улам эрчимжүүлж, тус салбарт шинэ боломжуудыг эрэлхийлж байна" хэмээн ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов хэлэв. "Махны салбарт зөв бодлого хэрэгжүүлснээр шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж, малчдын орлогыг сайжруулан, улс орныг COVID-19 цар тахлын нөлөөнөөс ангижруулан сэргээх замд нь оруулж чадна гэдэгт бид итгэлтэй байна. Иймээс үхэр бордох аж ахуйг хөгжүүлэх, салбарын чадавх, нөөцийг өргөжүүлэх асуудал нэн чухал юм” гэдгийг тэрээр онцлон дурдав.
Монголд хэрэглэгчид мах өөх алагласан, зөөлөн, шүүстэй үхрийн махаар гэртээ хоол хийх, ресторанд хэрэглэх хандлага нэмэгдэхийн зэрэгцээ хэрэглэгчид болон махны төрөлжсөн дэлгүүрүүд махны чанарт тавих шаардлагаа өндөр болсон. Харин эдгээр хэрэгцээг импортын үхрийн махаар хангадаг тул импортыг орлох чанартай мах үйлдвэрлэх хэрэгцээ шаардлага байсаар байна. Мөн экспортын чиг баримжаатай махны үйлдвэрийг хөгжүүлэх цаг үеэ олсон боломж бүрдсэнийг Монгол Улсын үйлдвэрлэлийн нөөц, дотоодын зах зээлийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ харуулж байна.
Үхэр бордох аж ахуйг хөгжүүлснээр үхрийг төхөөрөхийн өмнө 90-120 хоногийн дотор шим тэжээлтэй үр тариа, даршан тэжээлээр тэжээн тарга тэвээрэг авахуулсны дараа төхөөрөх боломжтой болно. Ингэснээр мах бэлтгэлийн эргэлтийг хурдасгах, үхрийн чанар, ашиг шим, махны гарцыг нэмэгдүүлэх, улмаар малчид болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн ашиг орлого, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах болно.
"Олон улсын болон дотоодын махны зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах цогц аргачлалыг Монгол Улсын үхрийн махны үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлэх шаардлагатай байна" гэдгийг ОУСК-ийн Хөрөнгө оруулалтын бодлого, хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төслийн удирдагч Дүгэрээгийн Жигжидмаа цохон тэмдэглэв. "Энэ нь нүүдлийн мал аж ахуй, амьдралын хэв маягийн давуу талыг үхрийн махны үйлдвэрлэл хөгжсөн улс орнуудын мэдлэг, туршлага, шилдэг туршлагатай хослуулах замаар Монгол Улсад тохирсон мал аж ахуйн салбарын бизнесийн шинэ загваруудыг боловсруулна гэсэн үг юм" гэж тэрээр дурдав.
Хөдөө аж ахуйн салбарт хувийн хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр ОУСК Японы Засгийн газартай хамтран Хөрөнгө оруулалтын бодлого, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих зөвлөх үйлчилгээний төслөөрөө дамжуулан Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлж ирсэн. Монгол Улсын нийт ажиллах хүчний 25 хувийг эгнээндээ нэгтгэсэн мал аж ахуйн салбарыг сэргээх чиглэлээр Дэлхийн банк группээс хэрэгжүүлж буй хүчин чармайлтын нэгээхэн хэсэг нь энэхүү төсөл билээ.
ОУСК-ийн тухай
Дэлхийн банк группын гишүүн байгууллага ОУСК нь хөгжиж буй зах зээлүүдэд хувийн хэвшлийг дэмжин ажилладаг дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм. Бид дэлхийн хөгжиж буй 100 гаруй орнуудад зах зээл, боломжийг бий болгох зорилгоор өөрийн хөрөнгө мөнгө, туршлага мэдлэг , нөлөөллөө ашиглан ажиллаж байна. 2020 оны санхүүгийн жилд бид хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийн компани, санхүүгийн байгууллагуудад нийт 22 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийж, тэдгээрээр дамжуулан нэн ядуурлыг арилгах болон хүртээмжтэй хөгжлийг дэмжихэд хувь нэмрээ оруулж байна. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.ifc.org . цахим хуудаснаас танилцана уу.
Холбоо барих хаяг: